ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ ХАМГААЛАЛТЫН БҮСИЙН ГАЗРЫН АСУУДЛАА ШИЙДВЭРЛЭХЭД 13 ЖИЛИЙГ ЗАРЦУУЛСАН.

Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийг Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор 2.0 га газар байхаар тогтоож, уг бүсэд нэвтрэн барилга байгууламж барих, түүх соёлын дурсгалт зүйлсийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг Нийслэлийн засаг даргад даалгасан байдаг.
Гэвч музейн газрыг бусад этгээдүүдэд давхардуулан олгосноос үүссэн 5 маргааныг шийдвэрлүүлэхээр 13 жилийн турш тууштай тэмцсэний үр дүнд соёлын өвийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг ханган 2.0 га газраа бүтэн авч үлдлээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд соёлын өвийг дэмжин олон жилийн турш шүүхэд музейг төлөөлөн хамтран ажилласан З.Сүхбаатар захиралтай “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирмийн Mongol-Advocates law firm нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Түүх, соёлынхоо үнэт өвийг хайрлан хамгаалцгаая.